БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өнөөдөр /2021.01.19/ Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын нэгдсэн шуурхай зөвлөгөөн боллоо.

Энэхүү цахим хуралд дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар болон бүх хороодын Засаг дарга, нийт 67-н удирдах албан тушаалтан оролцож, цаг үеийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар найман асуудлыг хэлэлцлээ.

Үүнд: Эдийн засаг, худалдаа үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд БГД-ийн 4, 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, иргэдийг коронавируст /ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх тандалт илрүүлгийн PCR шинжилгээнд хамруулсан талаарх үр дүнгийн мэдээллийг үнэлж дүгнэлээ.

Түүнчлэн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 455 өрхөд хүнсний багцын тусламжийг хүргэж, энэ сарын 18-наас БГД-ийн нутаг дэвсгэр дэх гэр хороолол бүхий 8 хороодын өрхүүдийг сарын турш сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын зохион байгуулж, түгээлт хүргэлтийн асуудалд онцгой анхаарах талаар зөвлөлдсөн.

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар иргэдийг коронавируст /ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт илрүүлгийн шинжилгээнд хамруулж буй үйл явц, мөн дүүрэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдсан талаарх цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Харин дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа нээж буй ААН-үүдээр үйлчлүүлэх иргэдийг QR кодоор бүртгэл хийж хэвших, тус ажлын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буй талаар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар мэдээлэл хийсэн бол Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга хурандаа М.Батсайхан, "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ-ын дарга Ж.Галтбаяр, ТГХШҮХ-ийн дарга Б.Лхагвабаатар нар эрхлэх ажлын хүрээнд холбогдох мэдээлэл солилцсон.

Хурлын төгсгөлд Засаг дарга Ө.Сумъяабаатар 2021 оны 01-р сарын 18-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр үүрэг болгосон нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд давс, тусгай бодисыг шаардлагатай хэсэгт хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлтийн бодит судалгааг гаргах, тусгаарлах байрнуудын ахуйн орчинд хяналт, шалгалт тавьж ажиллах, сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын хоёрдугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд анхаарах, үйл ажиллагаа явуулж эхэлсэн болон цаашид нээгдэх магадлалтай салбаруудыг стандартжуулах, нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болголоо.

Түүнчлэн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оны 2-р сарын 10-ны дотор өгч дуусгахыг, ажлын сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх ажлын хүрээнд албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулахыг байгууллагуудад үүрэг болгосон.

Мөн цаг үеийн нөхцөл байдал, шуурхай ажиллах шаардлагад үндэслэн Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 7 хоног бүрийн мягмар гаригт цахим хэлбэрээр зохион байгуулж байхаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх