Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль Монголд хэрэгтэй юу 

 

        УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Энэхүү хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, тэр хэрээр зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж байгаа юм. 

 

Түүнчлэн хөрөнгө оруулалтын нөхцөл хуульд сайжирснаар манайхыг зорих хөрөнгө оруулалт нэмэгдэж, тэр хэрээр эдийн засагт эерэг нөлөөлөл гарна хэмээн үзэж байгаа аж. Зарим нь арилжааны банкуудын хооронд өрсөлдөөн бий үйл ажиллагаа болон зээлийн буурч, иргэдэд тааламжтай үйлчилгээ бий болно хэмээн харж байгаа юм.  Харин энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Банкны системдээ хамгаалалт хийж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн хүрээнд орж ирж ажиллах гадны банк, дотоодын банкуудын зах зээлд ажиллахгүй. Иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татахгүй, жижиг зээл олгохгүй. Зөвхөн өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхээр зохицуулж өгч байгаа.

 

Дотоодын банкуудын хүрч ажиллаж чаддаггүй томоохон төслийг санхүүжүүлнэ. Мөн банкны хоорондын зах дээр ажиллаж болно. Ингэснээр манай арилжааны банкуудын том хэмжээний хямд эх үүсвэр татах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд дотоодын банкуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нээлттэй байхаар зохицуулалт оруулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Төв банкны арилжааны банкуудын дүрмийн санг тогтоодог.

 

Төв банкнаас тогтоосноор сангийн доод хэмжээ 50 тэрбум. Харин Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх гаднын хөрөнгө оруулагчийн дүрмийн санг 300-500 тэрбум төгрөг байхаар төсөлд суулгасан. Түүнчлэн санхүүжүүлэх нэг төсөл хөтөлбөрийн доод хэмжээ 100 тэрбум төгрөг гэх мэтээр хязгаарлалт хийсэн. Ийм зохицуулалт хийж дотоодын банкуудын үйл ажиллагаанд эрсдэл учруулах нөлөөллийг хязгаарлаж байгаа.

 

Өөрөөр хэлбэл, банкуудын хувьд энэ хуультай зохицож ажиллах хэрэгтэй. Нэг зүйлийг олж харах ёстой. Санхүүгийн зах зээлийн нийтлэг эрх ашиг олон нийтийн төлөө байх хэрэгтэй. Нийт санхүүгийн зах зээлийн эцсийн хэрэглэгчдийн төлөө төрийн болон арилжааны банкны бүх зохицуулалт, үйлчилгээ явагдаж байдаг. Олон нийтийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ юунд чиглэж байна вэ гэхээр урт хугацаатай, өртөг багатай, хүү багатай, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн рүү хандаж байгаа.  Тэгэхээр өнөөдөр бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлийг зах зээл рүү хэн нийлүүлж чадах вэ. Үүнд төрийн зохицуулалт хийж, нээлттэй бодлого барих ёстой. Нөгөө талаасаа гэвэл энэ нь өрсөлдөөн. Өрсөлдөөнийг төр дэмжих ёстой. Ард олон болон эдийн засагт хохиролгүй байдлаар өрсөлдөөнийг дэмжье гэж байгаа юм. Манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүй. Банкны зах зээлийн эх үүсвэр ганцхан хадгаламжийн тогтолцоон дээр тогтож ирсэн. Тиймээс санхүүгийн зуучлалын бүтээгдэхүүний үнэ буурч өгөхгүй байгаа. Лицензээ барьцаалаад авч чадахгүй алдах болбол яах вэ гэдэг асуудлыг хөндөж тавьж байгаа. Гэхдээ хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн нөхцөлд эрсдлээс хамгаалах боломжтой гэсэн мэдээллийг өгч байгаа юм. 

 

Энэхүү хуулийн төслийн талаар зарим гишүүд “Хөрөнгө оруулалтын хуулийг заавал бие даасан хууль байх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Давхардуулан заахгүй гээд бие даасан хуульд тавигдах шаардлага буюу 23-р зүйлд тодорхой заалтууд бий. Банкны хуультай харьцуулахаар 80 орчим хувь нь давхардсан шинжтэй байна.
 

 

Мэдээж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай боловч банкны тухай хуульд нэмэлт оруулах маягаар явуулах саналтай байна. Хоёрдугаарт, энэ хуулийн 6.1.6-д Монголбанкнаас хүлээн зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил үйлчилгээг Хөрөнгө оруулалтын банк явуулж болно гэж заасан нь бүр нээлттэй  болгосон. Хязгаарласан биш нэлээн задгай тавьсан нь ажиглагдаж байна гээд зарим шүүмжлэлтэй байгаа аж. 

 

С.Наран

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх