Холбоо, мэдээллийн технологийн салбарынхан ойн баяраа тэмдэглэлээ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн хамт олон өнөөдөр баяраа тэмдэглэлээ. Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Ил уурхайн процессоос эхлээд бүхий л цех, нэгжтэй холбоотой ажиллаж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилладаг тус хамт олон ололт амжилтаар ойн баяраа угтаж байна. Баярын энэ өдөр өндөр үр бүтээлтэй ажилласан шилдэг, тэргүүний ажиллагсдыг цехийн удирдлагууд шагнан урамшууллаа.

Баяжуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсгийн хянах хэмжих хэрэгсэл автоматикийн засварчин Б.Энхболд, Галын автоматжуулалтын хэсгийн засварчин Д.Чинбаяр, Уул тээврийн ажлын технологийн автоматжуулалтын хэсгийн хянах хэмжих хэрэгсэл автоматикийн засварчин Г.Заяа нар2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч, шагналаа гардлаа.

Мөн Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн Ерөнхий инженер Т.Чинзориг, Мэдээлэл боловсруулах хэсгийн Программ хангамжийн инженер И.Оюунжаргал, Баяжуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсгийн Программ хангамжийн инженер А.Батмөрөн нар Мэдээлэл, харилцаа холбооны Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаав. Орхон аймгийн Засаг даргын жуух бичиг, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр тус бүр 3 ажилтан шагнагдлаа. Энэ үеэр Ил уурхай, Автотээврийн цехийн төлөөллүүд баяр дээр баяр нэмэхээр хүрэлцэн ирж, Х.Энхбаатар мастертай ХМТАЦ-ийн Уул тээврийн ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.

ХМТАЦ-ийн хамт олон 2020 оноос цахим албан хэрэг хөтлөлт, томилолтын системийг иж бүрэн нэвтрүүлж, тоон гарын үсэг ашиглах боломжийг бүрдүүлжээ. Мөн цар тахлын үед цахим видео хурал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цахим сургалтыг амжилттай зохион байгуулж, цахим шалгалтын системийг өөрсдийн хүчээр боловсруулан үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байна. Үйлдвэрийн үндсэн цехүүдэд үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг оюунлаг, бүтээлч тус хамт олон энэ онд системийн шинэчлэлээ хийж дуусгахын зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын түвшинг ахиулах зорилт тавьжээ.

2019 оны цехийн “Хөдөлмөрийн аварга”Б.ЭНХБОЛД: Энэ бол манай бригадын ажлын бүтээмжийг үнэлсэн шагнал

-Юуны өмнө танд ойн баярын мэнд хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ шагнал бол манай бригадын хамт олны 2019 оны ажлын бүтээмжийг үнэлсэн шагнал хэмээн би хувьдаа ойлгож байна. Үе үеийн ажилтан ажиллагсад, цехийн хамт олондоо ойн баярын мэндийг дэвшүүлье. Цаашид бид улам сайн ажиллах болно. 

-Залуу үеийнхнээ сургах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Би 18 настай байхдаа Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болж байлаа. Үе үеийн орос мэргэжилтнүүд, хамт ажиллаж байсан ахмад үеийнхнээсээ их зүйлийг сурч мэдсэндээ баярлаж явдаг юм. Заавар зааварчилгааг нь биелүүлж, мэдсэн сурсанаа ажил амьдралдаа хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрлээ. Залуу үеийнхэндээ зааж зөвлөх, мөн тэднээсээ суралцах зүйл ч их гардаг. Харилцан суралцсаар л явна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх