Уурхайчдад явуулын гуанз бүхий автобус үйлчилнэ

 

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг компаниудад  хаягласан гомдол санал ажилчдаас хааяахан гардаг. Ихэвчлэн, Ил уурхайн гүнд ажилладаг экскаваторын жолооч, өрмийн машинч нарт зөөврийн хоол хүйтэн, амт  чанаргүй хүрдэг талаар гомдол байсан. Тэгвэл, Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан ХАБЭА-н хэлтэс, Автотээврийн цех, Барилга, засварын цех хамтран, хээрээр ажилладаг уурхайчдад зориулан тусгай автобус гарган, явуулын цайны газар болгон тоноглон, тохижуулж халуун хоолны үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээр шийджээ. Автотээврийн цех автобусыг нь гарган ХАБЭА-н хэлтэс хөрөнгө мөнгийг нь шийдүүлж, Барилга засварын цехийнхэн 60 сая төгрөгөөр цэвэр, бохир устай, цахилгаан гал тогоо бүхий явуулын цайны газрыг тоноглон, тохижуулж ажилд гарахад бэлэн болголоо. Дулааны улиралд экскаватор, өрмийн машиныхаа сүүдэр, нөмөрт, өвлийн улиралд бүхээгтээ биет байдал нь алдагдсан, голдуу хөрсөн хоол зооглодог байсан уурхайчид явуулын гуанзанд амт чанартай халуун хоолоор тав тухтай үйлчлүүлэх нөхцөл ийнхүү бүрдэв. Энэ долоо хоногоос эхлэн явуулын гуанзанд, хоол үйлдвэрлэгч компанийн хоёр тогооч тогтмол ажиллаж, хээрийн ажилчдад халуун хоолны өртөөчилсөн үйлчилгээ үзүүлэх юм. Явуулын гуанзаар Ил уурхайн карьерт ажилладаг уурхайчид болон Геологи, хайгуулын экспедицийн ажилчид үйлчлүүлнэ.     

Эх сурвалж: erdenettoday.mn      

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх