ОХУ-д өнөөдрөөс хөл хориог сулруулж байна

 

ОХУ-д шинэ коронавирусний халдвар авагсдын тоо буурахгүй байгаа юм. Гэсэн хэдий ч тус улсын ерөнхийлөгч Владимир Путин хөл хориог өнөөдрөөс сулруулж байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Оросын ерөнхийлөгч төлөвлөгөө ёсоор мягмар гарагаас буюу өнөөдрөөс хөл хориог үндэсний хэмжээнд цуцалж байгаагаа мэдээлжээ. Гэхдээ тэрээр мужийн захирагчид өөрсдийн бүс нутагт тохирсон арга хэмжээг авах эрхтэй гэдгийг онцлон хэлжээ. Орос улсад өнгөрсөн 03-р сарын сүүлээс хөл хорио тогтоосноос хойш 6 долоо хоног өнгөрөөд байгаа юм.

Ийнхүү хөл хориог сулруулах шийдвэрийг гаргасан ч манай хойд хөршид халдвар авагсдын тоо шинээр бүртгэгдсээр байна. Өнгөрөгч цөөн хэдхэн өдрийн дотор 10 мянга гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 221 мянгад хүрчээ. Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн тооцооллоор ОХУ коронавирусний тархалт хамгийн өндөртэй байгаа орнуудын жагсаалтад 4-рт бичигдэж байна. 

Үүнээс гадна хөл хорионы үеэр Орос улсад 1.4 сая хүн ажилгүй болоод байгааг Кремлийн тэргүүн мэдээлжээ. Эдийн засгийг илүү хүнд байдалд оруулахаас сэргийлэх үүднээс Оросын удирдагчид ийм алхам авахад хүрч байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд дурдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх