Ц.Хосбаяр: Тусгаарлалтад орсон болохоор тамирчдын маань форм нойл заах нь ээ

Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдож, саяхан оролцоод ирсэн тэмцээнийх нь талаар болон ирэх тэмцээний төлөвлөгөөг нь сонсов.

Тэрбээр энэ сарын 3-9-ны хооронд АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд тамирчдаа ахалж, ганзага дүүрэн ирсэн билээ.

Гэхдээ одоогоор коронавирусээс сэргийлсэн тусгаарлалтад орж, "Багабаян" амралтад байрлаад байгаа юм.

-Сайн явж ирсэн үү та бүхэн. Саяхан болж өнгөрсөн “Дэлхийн цом”-ын талаар сонирхуулна уу?

-Сайн явж ирлээ. Дээрх  тэмцээнд 750 орчим тамирчин оролцлоо. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ М.Анхцэцэг мөнгөн медаль, -87 кг-ын жинд Э.Билэгсайхан тавдугаар байранд орж, олимпын оноогоо ахиуллаа.

-Дараагийн тэмцээн хаана болох вэ. Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусний улмаас хойшилсон гэсэн үү?

-Тийм ээ. Олимпын эрхийн оноо олгох гурван том тэмцээн хойшлогдчихлоо. Тамирчид эдгээр тэмцээнд заавал орж байж олимпын эрхийн оноо авах юм.

-Хэзээ, аль улсад болох байсан бэ?

-Казахстанд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-ны хооронд, Узбекстанд ирэх дөрөвдүгээр сарын 12-ноос 21-ны хооронд болох байсан юм.

-Та бүхэн 14 хоног тусгаарлалтад байрлана. Бэлтгэлгүй ингэж удахад тамирчдын форм хэр алдагдах вэ?

-Бэлтгэл сургууль хийж болдоггүй баларч байна аа. Манай спортын төрөл чинь өдөр тутам бэлтгэл хийх ёстой. Тэгээд ч тусгай хэрэглэл, материал шаарддаг. Энд 10 гаруй хонохоор тамирчдын форм бүр нойл заана.

-Бэлтгэлийн заалнаасаа зарим хэрэглэлээ авч ирүүлж, тамирчдынхаа бэлтгэлийг тасалдуулахгүй байх арга бий юу?

-Харин тийм ээ. Янз бүрээр яриад л байна. Гэхдээ штанг авч ирж болох юм шиг яригдсан. Уг нь суултын тавиур, нэг ком штанг байхад болно л доо.

-Манай улсын хүндийн өргөлтийн тамирчдаас хэд нь олимпын эрх авна гэсэн горьдлоготой байна вэ?

-3-4 тамирчин авах байх гэсэн найдлага хүлээлгэж байна.

-Саяхан манай  улсын тамирчид ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн. Тэгэхээр нийлбэр оноогоор эрх авахад хэр ойрхон байгаа вэ?

- Хойшлогдоод байгаа дээрх тэмцээнүүдээс 800 оноо авбал бараг болчих байх.

-Товч мэдээлэл өгсөнд тань баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх