Интерполоор хайгдаж буй гэх тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн 15 сая ам.долларын зээлийн хэрэг

Монгол Улсын тод манлай уяач, “Алтайн Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийг интерполоор хайж эхэлсэн талаарх мэдээлэл тарж эхэллээ. Жирийн жолоочоос барилгын том компанийн захирал болтлоо өссөн “Алтай констракшн”-ийн захирал Бат-Эрдэнийгхүмүүс сайн бизнесмэн гэхээсээ илүү сүйхээтэй эр гэлцдэг. Эрх мэдэлтнүүдийн эвийг олохдоо гаршсан гэгддэг Бат-Эрдэнэ захирал гадаад дотоодын сургууль төгсөж, толгойгоо цэнэглэсэн хүмүүсээс ч илүү мөнгө олж өсгөх нарийн аргыг эзэмшиж, хотын төвийн А зэрэглэлд багтдаг газруудад олон давхар шилэн байшин сүндэрлүүлсэн нэгэн. Түүнийг ганзагын наймаанаас илүүтэй газрын наймаагаар хөлжсөн гэх юм билээ. Түүний хувь эзэмшдэг “Монгол драй милк” компани Монгол Улсад хуурай сүү импортлох, бүтээгдэхүүн экспортлох зорилгоор Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан байдаг. “Монгол драй милк” компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Тэрээр анх зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр уг компанийн бүх хувьцааг шилжүүлсэн байна. Тэрчлэн Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байдаг аж.47 тэрбум төгрөгтэй холбогдох эл ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх тайлбар, мэдүүлгийг Х.Бат-Эрдэнээс авах шаардлагатай болсон тул ийнхүү хуулийн байгууллага интерполд хандсан байна. Дээрх зээлийг авахад “Алтайн Констракшн” ХХК-ийн хөрөнгийг барьцаалан зээл авсан ч, уг барьцаа нь авсан зээлийнхээ 10 хувьд хүрдэггүй тул “Монгол драй милк”-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Хадбаасангийн Бат-Эрдэнийн хувьд хотын унаган хүүхэд ч аав, ээжийнхээ уугуул нутаг Говь-Алтайн Шарга сумаар овоглох дуртай нэгэн. Түүний ээж Монгол Улсын гавьяат тамирчин, морин спортын анхны эмэгтэй тамирчин Т.Цэрмаа. Аав нь ачааны жолооч байсан хүн. Х.Бат-Эрдэнийн тухай ээж нь “Бага байхдаа их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бусдаас ялгарч онц сурахгүй, сахилгагүй, хичээлээ сайн хийдэггүй чихнээс хонх уядаг хүүхэд байсан. Харин ахлах сургуульд ороод их даруу төлөв болсон. Манай Х.Бат-Эрдэнэ аав шигээ аливаа зүйлд маш тууштай, зорьсон зорилготой хүүхэд байсан. Мөн хичээл хийдэггүй мөртлөө ой тогтоолт сайтай. Бусдыгаа бодох юм бол илүү хөдөлгөөнтэй, юманд өртөхдөө амархан хүүхэд байсан” гэж сайнтай саартай нь өгүүлсэн удаатай.

image

Оргон зайлсан гэх Х.Бат-Эрдэнийн тухайд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй нэр холбогддог. Нэр бүхий улстөрч­дийн ивээлд байдаг компаниуд зээлээ эргүүлэн төлөхгүй байгаагаас тус б анкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэдэг юм билээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар таван дэд ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу Хөгжлийн банканд шалгалт хийсэн байдаг. Хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн. Хоёр ч компанийг авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн юм билээ. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихаад эргүүлэн төлөхгүй байгаа, ноцтой зөрчилтэй есөн компанийн нэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд ил болгосон. Түүнд “Монгол драй милк” ХХК орсон. “Монгол драй милк” ХХК нь 2016 оны наймдугаар сарын 12-нд үүсэн байгуулагдаж, Улсын ерөнхий бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, тамга тэмдгээ авчээ. Дээрх компанийг “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Цоодолын Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд нар 70, 20, 10 хувь тус тус эзэмшиж байсан ажээ. Хөгжлийн банкнаас зээл авахаас хэдэн сарын өмнө буюу 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Х.Бат-Эрдэнийн төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр дээрх компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн байдаг. Х.Батбаасан “Монгол драй милк” ХХК-ийг өөрийн нэр дээр хэдхэн хонуулаад, 1989 онд төрсөн Энхболдын Эрдэнэбилэг гэх залуугийн нэр дээр 100 хувь шилжүүлэн өгчээ. Үүний дараа тус компани нь хуурай сүүний үйлдвэрийг 60 суманд байгуулна. 60 цех барьж, малчдаас сүү худалдаж авч, япон технологиор боловсруулж, хуурай аргаар хатаасан сүү гаргаж авна гэх төслийг Хөгжлийн банкинд танилцуулжээ. “Монгол драй милк” ХХК нийт 29.2 сая хүртэлх ам.долларыг жилийн 9.75 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатайгаар зээл авах хүсэлтээ Хөгжлийн банкинд өгчээ.Хөгжлийн банкныхан хүсэлтийг нь гэрлийн хурдаар шийдэж, 15 сая ам.долларыг 2023 онд барагдуулж дуусахаар зээл олгох шийдвэр гаргасан байдаг.“Монгол драй милк” ХХК “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ болон түүний ах Х.Батбаасан нартай шууд бусаар холбоотой болох нь тодорхой байдаг. Х.Бат-Эрдэнэ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хамгийн их эрх дархтэй бизнесмэн байсныг олон хүн хэлдэг. Тиймдээ ч олон асуудалд гар дүрж, түүнийг нь Засгийн газар, салбарын сайдууд дэмжиж байсан гэх мэдээлэл бий. Х.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай дотнын найз гэгддэг. Тэд олон жил бизнесийн салбарт нөхөрлөж байгаа юм. Ж.Эрдэнэбат төрсөн дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх орд газраа Х.Бат-Эрдэнэ найздаа маш хямд үнээр өгч байсан гэх мэдээлэл ч байдаг.“Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нартай маш ойр харилцаатай гэдэг. Тиймдээ ч МАН УИХ-ын сонгууль ялалт байгуулсан цаг мөчид Х.Бат-Эрдэнэ эрх дарх эдэлдэг гэсэн яриа гарсан.Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нарын нөмөр нөөлөг, дэмжлэг “Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлөөгүй гэх газаргүй. Үүнээс гадна дээрх компанийг тухайн үед ХХААХҮ-ийн сайд болон төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нар ихээхэн дэмжиж 2017 оны дөрөвдүгээр сарын 10, 14-ний өдрүүдэд Хөгжлийн банк руу албан тоот бичиг илгээсэн байдаг. Албан тоотдоо “Монгол драй милк” ХХК-ийн төслийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд “Хөгжлийн банкнаас төслийг нь дэмжиж зээл олгох”-ыг хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкныханд хөндлөнгөөс салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар илтэд нөлөөлөхийг оролдсон байгаа юм.Ингэж л хуурай сүүний 60 цех барих төсөл боловсруулсан дээрх компани Хөгжлийн банкнаас зээл авсан түүхтэй ажээ.

“Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авсан нь буруу биш ч авсан зээлээ эргүүлэн төлөхгүй луу унжсанаас бусад компани зээл авч, бизнесээ өргөжүүлэхэд саад болж, улсын хөгжлийг хойш татаж, хорлож байгаад гол учир байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Хөгжлийн банкинд шалгалт явуулахад “Монгол драй милк” ХХК бусад арилжааны банкинд чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан нь илэрчээ. Мөн Засгийн газар, Монголбанк, Төрийн шалгалтын тухай олон хууль журмыг зөрчиж, авсан зээлийнхээ хүүг төлөхгүй олон сар, жил өнгөрсөн байж. Үүнд нь Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авалгүй хаацайлж, толгойг нь илж эрхлүүлсэн нь илэрчээ. Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хувьд ганцхан хуурай сүүний цех байгуулна гэж хувь хувьсгалынхныг хулхидсан юм биш. Түүний овоглодог “Алтай Констракшн” ХХК-ийг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс олон ажилчин нь эрүүл мэндээрээ хохирсон гэх олон яриа байдаг. Мөн 2007 онд “Хадгаламж “банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэг мандах үеэр Солонгосын казинод тоглосон МАН-ынхан голдуу 14 хүний баримт БНСУ-ын хуулийн байгууллагаас манай хууль хяналтынханд ирэхэд дунд нь Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ нарын нэр гарч ирсэн байдаг. Тухайлбал, Т.Бадамжунай 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд 97 470 933, 2005 оны зургадугаар сарын 1-нээс 2007 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд 1 379 231 836 воноор тоглосон гэсэн мэдээлэл байдаг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх