"БНХАУ-ын гурван компани Тавантолгойн төмөр замын төсөлд оролцохоо илэрхийлсэн"

Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашгаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж тус замыг барих бодлого баримталж байлаа. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны хуралдаанаараа тус компанийн ашгаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр бүтээн байгуулалтад зарцуулах шийдвэр гаргасан. Ингэснээр “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хэзээ, хэрхэн барих нь тодорхой бус боллоо. Уг нь эхлээд энэ замаа түрүүлж барих шаардлагатай. Дараа нь Тавантолгой-Зүүнбаянгийн замыг барьж болно” гэсэн байр суурийг зарим хүн илэрхийлэх болсон.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашгаас хөрөнгө гаргаж барихаар ярьж байсан. Харин сүүлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашгаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарсан. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол эдийн засгийн хувьд хамгийн өндөр үр ашигтай зам. Энэ замыг 51 хувьд нь төр, 49 хувьд нь гаднын байгууллага орж ажиллах боломжтой. Одоогийн байдлаар лав гурван компани энэ төсөлд оролцох хүсэлтээ Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн. БНХАУ-ын CRC, Смек, Чайна энержи гэсэн гурван компанийн хүсэлт ирсэн. Энэ замын суурь бүтэц тодорхой хэмжээнд хийгдсэн учраас ажлыг нь үргэлжлүүлэх боломж бий. Ачаа нь бэлэн байгаа учраас энэ төсөлд оролцох компаниудын тоо нэмэгдэх байх. Сая БНХАУ-ын Зам, тээврийн сайдтай уулзаж байхад бас хоёр гурван компани оролцохоо илэрхийлсэн” гэв.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх