Үнэхээр чоно ихтэй байж шүү

2000 оны эхээр нууцын зэрэглэлээс гарсан Хятадын нэгэн цэргийн мэдээнд дурдсанаар 1970 оны 3 сард Хөх Нуурын Цайдмын хөндийд хээрийн сургууль хийж явсан тус улсын хоёр зуу гаруй шинэ цэрэг шөнө хээр хоноглохдоо хэдэн зуун чонын дайралтанд өртөж 67 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан аж. Хээр хоноглохоор майхан саваа босгоод байтал нутгийн монгол үндэстэн газарчин ойролцоо хэдэн чоно эргэлдээд байхыг хараад сумангийн даргадаа байдал эвгүйдсэнийг дуулгажээ. Тэр үед гал ус зэрэг байгалийн гамшиг байтугай нам эх орны үйл хэргийн төлөө амь биеэ зориулахаас буцахгүй хэмээх үзэл ноёлж байсан тул сумангийн дарга нь "Хэдэн чононоос айх хэрэг юу байсан юм бэ?" гээд үл тоомсорлосон аж. Хамгийн аюултай нь буу зэвсэгтэй харьцаж үзээгүй шинэ цэргүүд байсан болохоор ганц сумгүй гараад ирсэн байжээ. Удалгүй нөгөө хэдэн чоно ойр хавьд байгаа сүргийн бусад андуудыгаа ульж дуудсаар хүүе хааяа гэхийн зуургүй 30-40 чоно болон олширсон гэдэг. Хашир туршлагатай газарчин "Сумгүй нөхцөлд хурдхан Хатан голын олмоор нөгөө эрэгт гарвал амь аврагдах магадлалтай. Чонын нутаг ус мөрнөөр хиллэдэг болохоор биднийг даган ирж чадахгүй." гэсэн боловч сумангийн дарга үгийг нь тоосонгүй хэдий ч майхнаа буулгаад шөнийн марш хийх үүрэг өгчээ.

Тэр зуур чонын тоо толгой олшрон өссөөр хэдэн зууд хүрсэн бололтой энд тэнд хэдэн арваараа отсоор суман цэргүүдийн дөрвөн салааг бүслэж хэсэглээд зөвхөн нэгдүгээр салаа руу гол хүчээрээ дайралт хийж байлдааны туршлагагүй 67 цэргийг эд бад хийж орхисныг энд нарийн дурьдаад яах билээ. Тэдний дотор нөгөө монгол үндэстний газарчин ч бас багтсан гэдэг шүү.

Далаад оны эхээр Өвөрмонголд чонын өргөн ав хомрого дэгдсэн нь чухам энэ хэрэгтэй холбоотой байж мэдэх юм. Ямар ч байсан чонын эзэгнэлийн хүрээ цагтаа тэр нутагт асар өргөн байж дээ.

Хятад судлаач Д.Болдбаатар

эх сурвалж: www.zuv.mn