“Миний газар нутаг дээгүүр явлаа” гэж хэлсэн хятад иргэний газрыг хураахаар болжээ

Дорнод аймагт нэгэн хятад иргэн УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл тэргүүтэй хэсэг хүмүүстэй тааралдаад, “Миний газар нутаг дээгүүр явлаа” гэж загнасан тухай бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь шуугиан тарьсан билээ.

Тэгвэл энэхүү бичлэг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн сонорт хүрчээ. Тэрбээр ноосны үйлдвэр барих чиглэлээр иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Хэрлэн сумын Засаг даргад даалгасан байна.

Ноосны үйлдвэр барих зориулалтаар Хэрлэн сумын гуравдугаар бүсэд газар эзэмшсэн Ж.Насанбуян нь тус газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлж хууль зөрчсөн байна. Тус иргэн нь үүнээс өмнө буюу 2015 онд аймгийн төвийн нэгдүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байхдаа хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байсан тул барилгын ажлыг зогсоож, аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь цуцалж байжээ.

эх сурвалж: www.zuv.mn