Ц.Цогзолмаа сайдаас Боловсролын салбарынхан айж байна

 

Үе үеийн парламентад цаг үеэ мэдрэлгүй түрүүлж дуугарч, тэр хэрээр төрийн албыг донсолгож, хэвийн ажлыг нь алдагдуулдаг УИХ-ын гишүүн цөөнгүй байх нь хэвийн үзэгдэл мэт болж.

Засгийн газрын сайдуудын тухайд ч адилхан. Асуудлыг судлахаас илүүтэй цаг зуурын сэтгэгдлээ илэрхий­лэх нь олонтаа.

Тэгвэл Боловс­рол, шинжлэх ухаан, спортын сайд асан Г.Чулуун­баатар үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй, дараагийн сайдыг УИХ-аас батлаагүй байхад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа сайдын сэнтийд тухална гэдгээ эртнээс зарлаж, том үг унагасан нь бий.

Учир нь, тэрбээр БСШУС-ын сайдаар томи­лог­­дохоосоо өмнө “Бо­ловс­ролын салбарыг шинэч­лэхийн тулд газрын дарга нарын төвшинд яамны бүтцэд хөдөлгөөн хийнэ. Ингэхдээ хэлж байгаад хална, солино” гэж түрүүлж дуугарсан юм. Салбар хариуцсан сайд нь ингэж мэдэгдсэн бол яая гэхэв. Гэтэл УИХ-ын гишүүний хувиар ингэж мэдэгдсэнээр ямархуу ёсзүйтэй улстөрч болохоо харуулсан хэрэг. Магадгүй дээр хэлсэнчлэн сайд болно гэдгээ эртнээс мэдсэн, мэдэрсэн болохоор ингэж том дуугарсан байж мэдэх. Гэхдээ яагаад тэр хүлээж болоогүй вэ. Мэ­дээж өнөөдөр бол Ц.Цогзол­­­маа БСШУС-ын сайд гэдэг нь үнэн ч сайдын албан ту­шаалаа албан ёсоор хүлээж аваад, ажил үүрэг­­тэйгээ танилцчихаад энэ мэт мэдэгдэл хийсэн бол нийгэм арай л өөрөөр хү­лээж авах байсан болов уу.
МУИС-ийн Ховд аймаг дахь салбарын багшаар ажиллах үеэсээ ажил, амьд­ралын гараагаа эхлүүлсэн гэж тэрбээр хаа таарсан газраа хэлж, ярьдаг. Энэ сэдэвтээ ч дуртай. Баг­шийн мэргэжлээрээ тун ахар­хан хугацаанд буюу 1992-1993 оны хооронд нэгхэн жил ажиллаад дараа нь тус аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Эмэгтэйчүү­дийн зөвлөлийн дарга, Нийс­лэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газ­рын дарга, Сүхбаатар дүүр­гийн Засаг дарга, Нийслэ­лийн Засаг даргын Нийг­мийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга зэрэг албыг тэрбээр хашсан байдаг. Улмаар 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Сүхбаатар, Бага­нуур дүүргээс гишүү­нээр сонгогдсон юм. Хэдий нэгхэн жил багшилсан ч гэлээ багш нарын жаргал, зовлонг бага боловч ойлгож мэдэрсэн, төрийн түшээ болбол нэн тэргүүнд нийгмийн байдлыг нь дээшлүүлэхийн төлөө нойр, хоолгүй зүтгэнэ гэж НАМЭХ-ийн ерөнхийлөгч байхаасаа ч, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр ч давтан ярьдаг байв. Их хуралд сонгогдсон даруй­даа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн улмаар салбарын сайдаар томилогдсон гэ­хээр бага боловч цалин­гаа гололгүй, ардын хүүхдүү­дэд эрдэм зааж буй багш нарыг хэн бүхнээс илүү ойл­гомоорсон. Уг нь мэргэжил нэгтнүүд нь түүний уран гоё үгэнд итгэж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ түүнд хандивласан атал сайдын сургаар халаа, сэлгээ хийхээр зэхэж эхэллээ. Ингэснээр УИХ-ын гишүүн, салбар хариуцсан сайдын амнаас битгий хэл эмэгтэй хүний сэтгэлийн мухраас ч гарахааргүй мэдэгдэл хийсэн нь Ц.Цогзолмаа сайдын өнөөдрийг хүртэл хэлж, хийж ирсэн бүхэн нь зөвхөн албан тушаалын төлөөх хувийн амбиц төдийхөн байсан бололтой. Монгол Улсын нийгэм, эдийн засаг хүнд байдалд байгаа юу, үгүй юү гэдэг энд огт хамаагүй. Хамгийн гол нь сард дунджаар 560 мянган төгрөгийн цалин олгочихоод “Та нар тангараг өргөсөн эмч нартай адилхан үүрэг хүлээсэн хүмүүс. Явж ажлаа хий. Хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна” гэж лүндэн буулгах нь зохисгүй байлтай. Өнөөдөр боловсрол болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тэдгээрийн олонх нь ар гэрээ авч явдаг гэх судалгаа бий. Үүнийг ч салбар хариуцсан сайд Ц.Цолзолмаа хүлээн зөвшөөрсөн. Их хурлын чуулганаас эхлээд Байнгын хорооны хурлын үеэр хүртэл багш нарын нийгмийн асуудал хүнд байна. Цалин нэмэгдүүлэхэд шат дараалсан арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэж рекламддаг атал яг хачир дээрээ тултал асуудлаас сэмхэн бултахыг оролдов. 
Ямартай ч салбар ха­риуц­сан сайд болов уу үгүй юү, салбарынхаа асуудлыг хэр сайн мэддэг болохоо харуулав. Цаашлаад салбар хариуцсан сайдын албан тушаалаа хүлээж аваа ч үгүй байхдаа “Ажлаас нь хална, сэлгээ хийнэ” гэж буулгасан лүндэнгээ хэзээ хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. “Нийгэм, эдийн засаг хүндрэлтэй байгаа учир ажилгүйдлийг бууруулахын төлөө шат дараалсан арга хэмжээг яаралтай аваарай” гэж тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяраас чуулганы үеэр ихэд учирлан гуйж байсан цаг саяхан. Гэтэл салбараа шинэчлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийнэ гэсэн болчимгүй мэдэг­дэл нь түүний хоёр нүүртэй болохыг батлаад зогсох­гүй боловсролын салбар дахь олон зуун багш, ажилч­даас гадна тэдний ар гэрийнхэн нь хүртэл айдас дунд өдөр хоно­гийг өнгө­рүүлэх шалт­гаан бол­лоо. Тиймээс нийгмийг эрүүлжүүлж, соён гэгээ­рүүлэхэд бүхий л амьдралаа зориулж буй багш, ажилчдыг энэ хүлээс, айдсаас чөлөөлж өгөөч, эрхэм гишүүд ээ.

Үндэсний шуудан сонин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх