Сайд Ц.Цогзолмаа цалинг 30 хувиар нэмнэ гэж багш нарын чихэн дээр цэцэг ургуулжээ

Монголын багш нар цалингаа нэмүүлэх зорилгоор анх удаагаа өргөн хэмжээгээр нэгдэн, ажил хаялт зарлаж байсан нь сар гаруйхны өмнө. Тэдний зүгээс У.Хүрэлсүх шинэ Засгийн газрын тэргүүнээр сонгогдож, Ц.Цогзолмаа салбарын сайдынх нь тамгыг гардаж авсан цагаас эхлэн өөрсдийнх нь хүссэнчлэн багшийн цалинг 50 хувиар нэмүүлэх боломж нээгдэх нь хэмээн итгэж, хонгилын үзүүрт гэрэл асаан харж байв.

Үүнийг нь олж харсан мэт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ч 40 мянган багшийг эгнээндээ нэгтгэсэн Багш цалин нэмүүлэх түр хорооны гишүүдийг хүлээн авч уулзжээ.

Тэрбээр уулзалтынхаа үеэр “Боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын цалинг 30 хувь нэмнэ хэмээн амласан бөгөөд үлдсэн 20 хувийн цалинг ямар замаар яаж нэмэх асуудлыг багш нар өөрсдөө бодож олоорой” хэмээн хэлсэн нь багш нарт итгэл төрүүлжээ.

Энэ талаар Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зохицуулагч Мөнхтуяа “Ц.Цогзолмаа сайд хэлсэндээ хүрч чадвал 40 гаруй мянган хүний цалин нэмэгдэнэ. 600 мянган төгрөгийн цалин авдаг байсан хүн 900 орчим мянган төгрөгийн цалин авдаг болно гэсэн үг.Юутай ч бидний цалин ирэх 11, 12 дугаар сард багтаж баттай 30 хувь нэмэгдэхээр болоод байна” хэмээн ярьжээ.

Тэгвэл шинэхэн сайд Ц.Цогзолмаа багш нарын чихэн дээр цэцэг ургуулж, энэ удаад худлаа амласан бололтой. Учир нь өчигдөр Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэх байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багш нарын цалинг нэмэх бололцоогүй, харин оронд нь 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн олговор олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан талаар танилцуулсан юм.

Тэрбээр хэлэхдээ, “Ажлаа аваад дөрөв хонож байна. Энэ хугацаанд ОУВС-тай ярилцаж тохиролцоод төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор тохирсон. Өөрөөр хэлбэл, 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн олговор олгоход 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа.

ОУВС-тай хийсэн гэрээний дагуу бид 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаахаар тохирсон байсан. Гэвч 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдлөөгүйн дээр инфляцийн түвшин огцом нэмэгдсэнтэй холбогдуулж бид эхний ээлжинд нэг удаагийн олговор олгохоор тохирсон.

Мөн цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын асуудлаар ОУВС-тай яриа хэлэлцээр хийхээр зэхэж байна" гэсэн юм.

Тэгвэл Засгийн газрын энэхүү шийдвэрийн талаар “Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбоо”-ны тэргүүн Д.Дуламсүрэн, “Багш ажилчдын цалинг 30 % нэмнэ гэж амлаад байсан чинь 192000 төрийн албан хаагчдад нэг удаа 300000 төгрөг олгоно гэсэн саналыг Засгийн газраас Их хуралд оруулна гэнэ. Нийт 55,4 тэрбум төгрөг. Энэ их мөнгөөр хамгийн бага цалинтай байгаа СӨБ, ЕБС-ийн багш, эмч, ажилчдын цалинг тодорхой хувиар нэмэх хэрэгтэй баймаар юм.

Яаж ийм гал түр унтраасан, ирээдүйгүй, судалгаагүй, амиа аргацаасан шийдвэр гаргадаг байнаа. Арай ч дээ” гэх бухимдлыг цахим хуудастаа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх