Маргаашаас эхлэн автобензин, дизелийн түлшний албан татвар нэмэгдэнэ

Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмсэн билээ. Долоон төрлийн татвар өнгөрсөн тавдугаар сарын нэгэн, ирэх долдугаар сарын нэгэн буюу маргаашнаас, аравдугаар сарын нэгэн гэсэн гурван үечлэлээр нэмэгдэхээр 2017 оны төсвийн тухай хуульд тусгагдаад байна. Энэ дагуу маргааш өглөөнөөс эхлэн нэмэгдэх татваруудын тухай мэдээллийг хүргэж байна.

Автобензин, дизелийн түлшний албан татварыг нэмэгдүүлнэ

7 сарын 1-нээс автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Нэмэгдүүлэхгүй бол 210 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого буурна хэмээн тооцоолжээ. Жижиглэнгийн зах зээлд шатахууны хэрэгцээ эрс ихэсдэг улсын баяр наадмын амралтын үетэй зэрэгцэн холбогдох татвар нэмэгдэж буй нь энгийн худалдан авагчдад хүндээр тусч мэдэх юм.

Татвар төлөгчийн хувь хэмжээ ирэх сарын 1-нээс арван хувь болон өснө

Нийгмийн даатгалын шимтгэл дэх татвар төлөгчийн хувь хэмжээ ирэх сарын 1-нээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна. Мөн сайн дурын даатгуулагчид ирэх сарын 1-нээс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүний найман хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм.

Приус автомашины татвар төлөх хэмжээг тэглэсэн хугацаа дуусна

УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрү үлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Үүнээс өмнө ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн татварыг нэмэхдээ энэ төрлийн автомашинуудын татвар тэглэлтийг 50 хувь болгон нэмэгдүүлээд байсан юм. Татварын нэмэгдэл өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжсэн. Үүнийг засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ хоёр сарын хугацаанд сунгасан бөгөөд ирэх долдугаар сарын 1-нээс нэмэгдэх "Приус"-ны татвар нэмэгдэхгүй юм байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 06 дугаар сарын 09-ны ээлжит бус хуралдаанаар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар тогтоолоо гэх шийдвэрийг гаргаж байсан юм. Засгийн газрын уг тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс эхлэн дагаж мөрдсөн. Дээрх төрлийн автомашинуудад манай улсад хамгийн их эрэлттэй байдаг “Приус” зэрэг цахилгаан болон хос тэжээлт автомашинууд багтаж байгаа юм. 

Энэ шийдвэр хэвээрээ байгаа, "Приус"-ны татвар нэмэгдэхгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх